Жирэмсэн үед – Цуврал 1

Being pregnant – first trimister

Би одоо 17 долоо хоногтой жирэмсэн 24 настай залуухан ирээдүйн ээж. Хэдий залуухан ч хайртай хүнтэйгээ гэр бүл зохиож, хайртыг минь дуурайсан хөөрхөн үртэй болно гэж тэсэн ядан хүлээж, бүтэн 2 жил тасралтгүй хичээсний үр дүнд тестэн дээр 2 зураас гарч ирэн манай гэр бүлийг баярлуулсан юм. Бүтэн 2 жил зөвхөн жирэмслэх тухайд анхаарлаа хандуулсан бөгөөд жирэмсэн болсон гэдгээ мэдсэнээс хойш энэ талаар огт бодоогүй, юугаа ч мэдэхгүй байгаагаа ухаарсан юм даа. Тийм болохоор над шиг юугаа ч мэдэхгүй байгаа ирээдүйн ээжүүддээ бага ч  гэсэн хэрэгтэй болов уу гээд өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

За тэгээд жирэмсэн болоод хамгийн эхний алхам болох өөрийн хяналтанд байдаг эмч дээрээ очиж эхо-д харуулж зөвлөгөө авав. Эмч маань эхо-д харж баяр хүргэн каффейн, архи тамхийг хэрэглээнээсээ хас, чи одоо нэг биш 2 хүний эрүүл мэнд, амьдралыг хариуцаж байгаа шүү тэрийгээ байнга санаж яваарай гэж хэлсэн юм. Үүнээс хойш 6 долоо хоногтойдоо үрийнхээ зүрхний цохилтыг сонслоо. 8 долоо хоноод хурдан хурдан цохилох жижигхээн зүрхийг нь эхоноос олж харлаа. 12 долоо хоноод хүмүүсийн ярьж заншсанаар НТ буюу ургийн арын шилэн хүзүүний зузааныг үзүүлж, хамрын ясны хөгжлөө харуулж хамгийн анхны ургийн хөгжилөө шалгуулсан. Очих болгонд үр минь томорсоор улам хүн дүрсээ олж байсан бөгөөд 12 долоо хоногтой харуулахад аль хэдийнээ хөдлөөд эхэлчихсэн байсан шүү. Өө тийм 8 долоо хоногтой байх үедээ саваагүй зандаа хөтлөгдсөнөөсөө болоод бөгсөн биеэрээ нилээн хүчтэй уначихсан юм. Би гэдэг амьтан шиг байдгаараа айчихсан нөхрөө дуудан бушуухан эмчдээ үзүүлэхэд үр минь зүв зүгээр байж байсан. Ер нь бага сартай үед хүүхэд маань эхийн хэвлий савны давхар булчингаар хүрээлэгдсэн байдаг тул доргилтонд амархан өртдөггүй юм байна лээ. Тийм болохоор иймэрхүү зүйлтэй тохиолдсон бол муу юм бодолгүй тайван байж болно гэсэн үг. Гэхдээ мэдээж эмчдээ шалгуулах нь хамгийн зөв шүү.

За тэгээд би гэдэг хүн улсын эмнэлгийн хяналтанд орох гэж нилээн явдал боллоо. Яах талаар ерөнхий мэдээллүүд гадуур нилээн бага байдаг юм байна лээ. БЗД-д эрүүл мэднийн 10-р төвд хяналт орсон бөгөөд эхлээд өөрийн харьяа өрхийн эмнэлэг дээр очиж үзүүлэн хяналтын дэвтэрээ нээлгүүлэн ерөнхий мэдээллүүдээ өрхийн эмчдээ өгнө. За тэндээсээ шээсний ерөнхий шинжилгээ, цусны шинжилгээнүүд, ДОХ, элэгний B, C вирус, мазок зэрэг шинжилгээг өгөөд шинжилгээнүүдийн хариугаа барьж очоод дүүргийн эмнэлэг дээр дотрын эмч, эхо-д үзүүлсний дараа эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлэн хяналтанд ордог. Хэрвээ эрсдэлтэй заавал дүүрэг дээр хяналтанд байх хэрэгтэй гэж үзвэл дүүргийн эмэгтэйчүүдийн эмч өөрөө хянадаг бөгөөд энгийн, хүндрэлгүй жирэмслэлт бол өрх луу хяналтанд буцаадаг.

Цус, шээс, элэгний вирус гэх мэт шинжилгээнүүдийг өрх дээр авчихдаг. Гэхдээ манай өрхийн эмнэлэгийн хувьд сондгой өдрүүдэд л зөвхөн шинжилгээ авдаг бөгөөд өмнөх өдөр нэрээ бичүүлж оочирлон өглөөний 9 цагаас өмнө шинжилгээг өгөх ёстой байдаг. Шинжилгээгээ өрхөөс 9 цаг гээд авч яван, дүүрэг дээр очин шинжлүүлэн маргааш нь гэхэд хариуг аваад буцаад өрх дээрээ аваад юм байна лээ. Миний цаг давчуу байсан учир бүх шинжилгээгээ хувийн эмнэлэгүүдээр очиж өгсөн. Мазокийг дүүрэг дээр өдөр болгон 35 хүн л өгдөг бөгөөд хэрвээ хүсвэл та маш эрт очиж оочирлоно. Мөн шинжилгээнд шаардагдах толь зэргээ авч очсон байх ёстой. За тэгээд бүх шинжилгээгээ өгсөн бол дотрын эмч дээр цаг аван үзүүлнэ. Дотрын эмч маань шээс болон цусны шинжилгээг харан ерөнхий хариу бичиж өгөн, зөвлөгөө өгдөг. Эхо-д харуулахдаа тухайн 7 хоногийн даваа гаригт цаг авах ёстой бөгөөд бусад өдөр эхо-ны цаг өгдөггүй юм байна лээ. Ингээд эхо-доо харуулаад эмчийн дүгнэлтээ бичүүлж дуусаад эмэгтэйчүүдийн эмч дээр оочир авна. Дугаараар оочирлон сувилагч дээр орох ба сувилагч чиний даралт  болон өндөрийг чинь хэмжин эмч дээрх цагийг чинь оруулан үүний дагуу эмчдээ үзүүлээд эхний хяналтын үзлэг маань дуусч байгаа юм. Дараагийн ирэх хугацааг эмч маань өөрөө хэлээд өгдөг юм байна лээ. Би юугаа ч мэдэхгүй болохоор 3 өдөр явсан.

За ингэж явсаар байтал миний жирэмсний эхэн үе дуусч second trimister буюу дунд үе эхэлсэн юм.